ОУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ МОНГОЛ УЛСЫН ОРУУЛЖ БУЙ ХУВЬ НЭМЭР ӨНДӨР
9 сарын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.06.30) НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх, генерал Бираме Диоп-ийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж, НҮБ, дэлхийн улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн хөгжүүлж байгаагаа тэмдэглээд манай улс 2002 оноос хойш тасралтгүйгээр НҮБ-ын энхийг сахиулах 15 ажиллагаанд 14 мянга орчим цэргийн алба хаагчаа оролцуулаад байгааг дурдав.

Тэрбээр, өнгөрөгч онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш, түүний энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жaн-Пьер Лакруа нар манай улсад айлчилж, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан. Түүнчлэн өнгөрөгч онд тохиосон Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчнээ оролцуулж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд манай улс бүрс нутагтаа анх удаа эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулсан. Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог жил бүр нэмэгдүүлж, энэхүү бага хурлыг НҮБ-тай хамтран таван жил тутам зохион байгуулах зорилттой байгааг сонордуулсан юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх, генерал Бираме Диоп Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг тэмдэглээд гурван сая хүн амтай Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж буй алба хаагчдын тоогоороо 22 дугаарт эрэмбэлэгдэж байна. Энэ нь олон улсын энх тайвны төлөө Монгол Улсын оруулж буй хувь нэмэр өндөр байгааг илтгэж байна гэв.

НҮБ-аас бүс нутгуудын хэмжээнд харилцан нэгнээ дэмжиж, туршлага солилцдог энх тайвны сүлжээнүүдийг бий болгохоор ажиллаж байна. Түүнчлэн олон улсын энх тайвныг сахин хамгаалж, баатарлаг үйлс бүтээсэн энхийг сахиулагчдын өмнө тулгарч буй ар гэр, нийгмийн харилцааны олон бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн зорилготой шинэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд уг төслөө Монгол Улсаас эхлүүлэхээр болсныг танилцууллаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх, генерал Бираме Диоп жилээс жилд цар хүрээгээ тэлж байгаа олон улсын энхийг сахиулагчдыг бэлтгэдэг томоохон сургуулийн нэг болох “Хааны эрэлд”-д оролцохоор болсондоо баяртай буйгаа илэрхийлээд энхийн ажиллагаанд Монгол цэргийн алба хаагч, энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтыг өндрөөр үнэлж байгаагаа дахин онцлоод, цаашид бүх талаар дэмжин ажиллана гэлээ.

Монгол Улсын НҮБ-ын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч голлох орон байхыг эрмэлздэг. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд энхийн ажиллагааны олон улсын сургалт, судалгааны хүрээлэнтэй байх шаардлагатай. Үүнд НҮБ-ын оролцоо, дэмжлэг чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга тодотгов. 

Уулзалтаар талууд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны туршлагатай бэлтгэгдсэн ахлах, дээд офицеруудыг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт болон ажиллагааны Цэргийн хүчний удирдлагын түвшинд ажиллуулах боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404