Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийн 74 барилгын ажлыг эрчимжүүлнэ
8 сарын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Тэрээр "Энэ жилийн шинэ хичээлийн жил онцлогтой. Тодруулбал, УИХ өнгөрсөн хавар Боловсролын багц хуулийг баталсан. Шинэ хууль батлагдсан учир тус хуулийн эрх зүйн орчинд нийцүүлэн хичээлийн шинэ жилээ зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 68 сургууль бий. Тухайн сургуулиудад нийт 50,000 гаруй хүүхдийн суралцаж байна. Үүнээс Улаанбаатар хотод 47 сургуульд 33,000 хүүхдийн асуудал байна. Яагаад нэг ангид 50-60 хүүхэд хичээллэх нөхцөл байдал үүссэн бэ гэдэг шалтгааныг олж тогтоох ажлыг бид эхлээд хийсэн. Гурван үндсэн шалтгаан байсан гэж бид тогтоосон.

Нэгдүгээрт, 70,000 хүүхэд нэгдүгээр ангид ороход 30,000 хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа. Жил бүр 35,000-40,000 хүүхдийн зөрүү гарч байгаа болохоор дунд, ахлах ангид тодорхой ачаалал үүсэж байна. Тиймээс шинэ хичээлийн байр, анги танхимын хэрэгцээ шаардлага үүсэж байгаа юм. Энэ бол үндсэн шалтгаан. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын оновчгүй төлөвлөлт их хийдэг. Газаргүй, зураггүй сургуулийн хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаагаас болж сургууль, цэцэрлэгүүд олон жил ашиглалтад орохгүй хүлээгдэж байна. Ийм тендерийн хонгил үүссэн гэж дүгнэж байна. Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдааг нэрлэхээр байна. Улаанбаатарт сургуульгүй 50 хороо байна. Цэцэрлэггүй 17 хороо байгаа. Тэгсэн хэр нь өндөр өртгөөр баригддаг Нарны болон Маршал, Хүннү зэрэг хорооллыг барьдаг. Уг нь хуулиараа бол баригдаж байгаа хороолол сургууль, цэцэрлэгтэй байх зохицуулалттай. Уг нь барилгын компаниуд газрын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа сургууль, цэцэрлэгээ төлөвлөсөн байдаг. Гэтэл улсын комисст хүлээлгэж өгөхдөө хорооллуудаа хэсэгчилдэг. Анхны төлөвлөж байснаараа ажлаа хийдгүйгээс үүдэн сургууль, цэцэрлэггүй олон хороолол бий болж байна. Энэ талаар Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд бодлогын ямар арга хэмжээ авах талаар баримт бичгүүд гаргаж байна. Засгийн газраас Энэ ондоо багтаж хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Барилгын ажил нь удааширсан нийт 74 сургууль, цэцэрлэгийн ажлыг эрчимжүүлнэ. 

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль гурван жилийн нүүр үзэж байна. Тус сургуулийн эхний блокыг 10 дугаар сар гэхэд хүлээж авна. Тавдугаар сургууль, 71 дүгээр сургууль зэрэг баригдаад дууссан хэр нь хаалга нь цоожтой сургуулиуд бий. Тэдгээр сургуулийг есдүгээр сарын 1-нд үүд хаалгаа нээнэ. Түүнчлэн 62, 12 дугаар сургуулиуд 10-12 дугаар сард багтаан ашиглалтад орно.

Барилгын 23 компанийн ажлыг зогсоож, хар жагсаалтад оруулах гэж байна. Барилгын тендер аваад будилуулсан компаниуд юм. Иймд төрөөс тендер авах эрхийг нь хориглоно. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84-р сургууль, Эрдмийн өргөө цогцолбор 6000 сурагчтай. Нэг сургуульд ийм олон сурагчтай байхад сургалтын чанарын тухай ярихад хэцүү. Тийм учраас их сургуулиудыг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургуулийг нийслэлд энэ хичээлийн жилээс зохион байгуулна. ШУТИС, МУИС, ХААИС-ийг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургууль байгуулна.

Сургуулийн зориулалтын бус объектуудыг худалдаж аваад ашиглахаар зорьж байна. Нийслэлээс гаргах 500 тэрбум бондыг 100-г нь боловсрол буюу гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад зориулж зарцуулна. Царцсан, удсан барилгуудыг ашиглалтад оруулж дуусгана" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404