Зарим шүүгчид өөрсдөө шалгуулах хүсэлтээ тавьжээ
2019/03/25

Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-ЖДҮХС-ийн зээлтэй холбоотойгоор УИХ-ын 5 гишүүнийг яллагдагчаар татсан. Энэ хэргийн шалгалтын явц ямар шатанд явна вэ?

-ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнууд болон албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, албаны нөлөөгөө ашиглаж зээл авсан албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаад нэг албан тушаалтныг бусдын нөлөөнд автаж хууль бус шийдвэр гаргаж зээл олгосон асуудал дээр, мөн дөрвөн гишүүнийг энэ хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан. Энэ хэрэг удахгүй шийдвэрлэгдэх байх. Мөрдөн шалгах ажиллагаа дуусах дөхсөн байгаа.

-Монголбанкны захирал асан Золжаргалтай холбоотой хэрэг ямар шатандаа шалгагдаж байгаа вэ?

-Энэ хүнтэй холбоотой гурван багц асуудал шалгагдаж байгаа. Нэгдүгээрт, арилжааны банкуудад тогтоосон хүүнээс бага хүүтэйгээр зээл олгосон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах асуудал яригдаж байна. Мөн Австри улс руу их хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлж орон сууц худалдаж авсан асуудал. Гуравдугаар хэлцэлтэй холбоотой асуудлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд явж байна. 

-Ерөнхий прокурор асан Дорлигжавын хэргийг шүүхэд хэзээ шилжүүлэх вэ? 

-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс хамаарч тухайн цаг үед нь мэдээлэл өгнө. 

-Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал дээр зарим прокурорт хэрэг үүсгэн шалгаж байгаа талаарх мэдээллийг дэлгэрүүлэхгүй юу?

-Энэ хэргийг үйлдсэн хүмүүстэй холбоотой мэдээлэл өгөх эрх надад байхгүй. Харин энэ хэргийг шалгаж байх явцад зарим нэг хүнийг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэдэг асуудал яригдаад прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд ирүүлсний дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Шалгалтын явцад хууль зөрчсөн нотлох баримтууд хураагдсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг цагдан хорьсон гэх мэдээлэл цацагдаад байгаа. Үүнд тайлбар өгөхөд тухайн хэргийг шалгаж байсан ажлын хэсэгт ажиллаж байсан нэр бүхий хоёр хүнийг 15 хоногийн хугацаатайгаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байсан нэг хүнийг баривчлаад сулласан ийм л ажил явагдсан.

-Мөн Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар зарим шүүгчдийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?  

-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тодорхой фактууд шалгагдаж байгаа. Зарим шүүгч нарыг шалгуулах талаар хүмүүс хэвлэлээр нийтэд мэдээлсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар манай байгууллагад шүүгчийг шалгуулахаар ирүүлсэн бичиг баримт алга байна. Зарим шүүгч нар өөрсдөө шалгуулах хүсэлтээ тавьж байгаа. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404