АТГ: МОНГОЛБАНКНЫ АЛБАН ТУШААЛТАН ББСБ-ЫН 100 ХУВЬ ЭЗЭМШИГЧ, ЗАХИРЛААР БҮРТГЭГДСЭН БАЙСАН
2020/04/27

Банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Монголбанкны эрх бүхий удирдах албан тушаалтнууд нь барьцаалан зээлдүүлэх, гадаад валют арилжааны чиглэлээр банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгож байна хэмээн АТГ-аас үзжээ. Тиймээс цаашдаа Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэхгүй байхаар журамлахаар болсон байна. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа.

-Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-ын үйл ажиллагаа эрхэлж байгаа асуудалд АТГ-аас шалгалт хийжээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-“Монголбанкинд ажилладаг нэр бүхий албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд нь ББСБ үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж байгаа” гэх мэдээлэл гарсан. Үүний дагуу АТГ-аас хяналт шалгалт хийгдээд, Монголбанк руу хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зөвлөмж явуулсан. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “Олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгосон байна” гэдэг байдлаар Монголбанк руу албан бичиг хүргүүлсэн.

Хууль тогтоомжид заасан хориглолт болон ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, албан тушаалтнууд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ хууль бус давуу байдал бий болгох, албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүй байх зэрэгт тавих дотоод хяналтыг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулсан. Түүнчлэн сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, ялангуяа удирдах албан тушаалтны манлайлал, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг сайтар хянан үзэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монголбанкинд даалгасан. Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбоотой олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу Монголбанк, АТГ, Сангийн яам гэх мэт холбогдох бүх төриин байгууллагууд хамтарч, холбогдох арга хэмжээнүүд авч ажиллаж байна.

-Дээрх асуудал ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн хэрэг мөн үү?

-Өнөөдрийн манайд мөрдөгдөж байгаа хуулиар энэ нь илт ашиг сонирхлын зөрчил биш. Гэхдээ олон нийт ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгож байна. Тодруулбал, албан тушаалтнууд ажил албаныхаа байдлыг ашиглаж, тодорхой мэдээллүүдийг өөрийн хамаарал бүхий банк, санхүүгийн байгууллагад давуу байдал болгож ашиглах боломж байна гэж олон нийт хардаж буй юм. Тийм учраас урьдчилан сэргийлж, холбогдох арга хэмжээг ав гэж Монголбанкинд албан бичиг хүргүүлсэн. Энэ бол Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд заасан АТГ-аас авч хэрэгжүүлж байгаа авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагааны нэг хэлбэр. Үүнд, Монголбанк манайхтай хамтарч ажиллаж байна гэсэн үг.

-Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд ямар байгууллага хяналт тавьж, шалгах ёстой байдаг юм бэ?

-ББСБ-ын үйл ажиллагааны тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн зохицуулалтаар ББСБ-ын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох эрх нь Санхүүгийн зохицуулах хороонд байдаг. Мөн Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийх эрх нь ч СЗХ-нд бий. Тэгэхээр шууд чиг үүргийн хувьд хяналт тавих ёстой байгууллага нь СЗХ гэсэн үг. Монголбанкны чиг үүрэг нь банкны үйл ажиллагаанд хяналт тавьдаг.

-Монголбанкнаас ямар хариу ирүүлсэн бэ?

-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ирүүлсэн хариу албан бичигт тус банкинд ажилладаг, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй 240 албан тушаалтны ажлын байрны тусгай шаардлагад “банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэггүй байх” гэсэн заалтыг тусгахаар болсноо мэдэгдсэн. Мөн цаашид албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, цаашид авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ. Цаашдаа Монголбанкинд ажилладаг хүн банк бус санхүүгийн байгууллагад ямар нэг хувьцаа, хувь эзэмшдэггүй, оролцоогүй болно гэсэн үг.

-Яг хэдэн албан тушаалтан ББСБ-д хувь эзэмшдэг, хамаарал бүхий этгээдүүд нь банк бус санхүүгийн байгууллагатай байсан юм бэ?

-Яг нарийн тоон мэдээлэл надад алга. Нэр бүхий хүмүүс, тэдний хамаарал бүхий хүмүүс тогтоогдсон. Зарим нь банк бус санхүүгийн байгууллагын 100 хувь эзэмшигч, захирлаар нь бүртгэлтэй, хамаарал бүхий этгээд нь үйл ажиллагаа явуулдаг, өөрөө тодорхой хувь эзэмшдэг асуудлууд байсан.

Б.БУРМАА

Эх сурвалж: www.zaluucom.mn 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404